АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

   Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга дэд хурандаа З.Азат аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч дарга К.Бахытжан нарт аймгийн Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
   Энэ жил аймгийн хэмжээнд 2,027,213 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 3,622,282 мал өвөлжин гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс: Өөр аймгийн нутаг дэвсгэрт 619 өрхийн 82,805 толгой, өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрт 227 өрхийн 77543 толгой, сум дундын отрын бүс нутагт 48 өрхийн 59,825 толгой, Тусгай хэрэгцээний отрын бүсэд 23 өрхийн 47,035 толгой, Хилийн зурвас бүсэд 309 өрхийн 76,040 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 612 өрхийн 311,886 толгой мал нийт 1838 өрхийн 655,134 толгой мал тус тус отроор өвөлжиж байна.
   Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хийж гүйцэтгэхэд Улаанхус, Алтай, Дэлүүн, Булган, Цэнгэл, Сагсай, Буянт, Толбо зэрэг 8 сумын нутгаар цасан бүрхүүл ихээр тогтсон, цаг агаарын олон жилийн дундаж үзүүлэлт, газар зүйн онцлог, зудтай тэмцэх чадавх зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн түвшин Их, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур зэрэг 3 сумын түвшинд эрсдэл Дунд, Бугат сумын түвшинд Бага эрсдэлтэй үнэлэгдэж байна.
   Эрсдэлийн үнэлгээний нэгдсэн дүнгээр Баян-Өлгий аймгийн хэмжээнд учирч болзошгүй зудын эрсдэлийн индекс 7,5 буюу Их түвшинд үнэлэгдэж байгааг танилцуулав. 2025 оны нэг, хоёр дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, нэг дүгээр сард хур тунадас ахиу орох төлөвтэй байна гэв.
   Малчдын түвшинд 69030 тн байгалийн хадлан, 8128 тн гар тэжээл, 5838 тн давс, хужир шүү бэлтгэн төлөвлөгөөний биелэлт 103,3%-тай хангасан. Харин аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй ба сумдын бүрдүүлсэн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 104.6 тн өвс, 89.8 тн тэжээл бэлтгэсэн нь дөнгөж 20%-тай байгааг онцлов.
   Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр малын тоо толгойн албан татварын орлогоос одоогоор Алтай сум 3.7, Алтанцөгц сум 7.6, Баяннуур сум 33, Бугат сум 5.1, Булган сум 20.7, Буянт сум 13.4 , Дэлүүн сум 42, Ногооннуур сум 7.3, Сагсай сум 27, Толбо сум 27.4, Улаанхус сум 3.6, Цэнгэл сум 21 сая төгрөг нийт 211.8 сая төгрөгийг төвлөрүүлсэн.
   Төв, суурин газрын өвөлжилтийн хувьд аймгийн төвийг дулаанаар хангадаг “Эрчим Баян-Өлгий” ХХК нь өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан ба тус дулааны станц нь нийт 4 зуухтай одоо 2 зуухаар халаалт өгч байна. Тус компани нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 82 хоногийн буюу 12,700 тонн нүүрсний нөөцтэй бөгөөд төвлөрсөн эрчим хүч тасарсан үед халаалтын зуухыг хэвийн ажиллуулах нэмэлт 600 кВт-ын хүчин чадалтай цахилгаан үүсгүүртэй. Сумдын нэгдсэн халаалтын зуухны засвар үйлчилгээ төлөвлөгөөний дагуу хийгдсэн, 37 хоногийн нүүрсний нөөцтэй бөгөөд тухай уурын зуухны хүчин чадалд тохирсон 50-90 КВт-ын аваарын нөөц дизель хөдөлгүүртэй ажиллаж байна.
   Аймгийн хэмжээнд авто зам, засвар арчилгааны ажлыг хувийн хэвшлийн “Жол” ХХК хариуцаж 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгааг танилцууллаа.
   Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга дэд хурандаа З.Азат аймгийн удирдлагуудад аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэн 400 тонн тэжээл, 400 тонн өвс бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэн бүрдүүлэх, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт мал оторлуулах зөвшөөрлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн яамнаас авах, Сум тус бүр малын тоо толгойн албан татварыг төлөвлөсөн хэмжээнд төвлөрүүлж зудын хариу арга хэмжээнд зарцуулах талаар шийдвэр гаргуулах саналтай байгааг онцлон танилцуулав.
   Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын зүгээс аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулах саналаа аймгийн Засаг даргад гардуулан өгөв.
   Аймгийн удирдалагууд Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцуулсан Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга дэд хурандаа З.Азатад талархан, аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

You May Also Like