Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Хуягбаатар албан хаагчдын хамтаар аймгийн Засаг даргад баяр хүргэж, шинээр томилогдсон хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн, гаалийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага болон Цагааннуур хилийн боомтод хяналт, шалгалт хийхэд гарч байгаа хүндрэл, бэрхшээл, гарц, гаргалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга байгууллагын чиг үүрэг, хэрэгжүүлсэн ажил, баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.
Тэрээр орон нутаг буюу Цагааннуур хилийн боомтод ажиллах хүн хүчний дутагдал байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байгааг онцлоод албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар ч ярилаа.
Түүнчлэн Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гаалиар нефтийн бүтээгдэхүүн 82000тн, малын тэжээл 20000тн, улаан буудайн гурил 11000тн импортлогдож, 870тн мах экспортод гарсан. Гадаад худалдааны эргэлт импорт 95.6 сая ам доллар, экспорт 25 сая ам долларын худалдаа хийгдэж 50 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн талаар танилцууллаа.
Мөн Сангийн яаманд 5.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй өөрсдийн байртай болох саналаа явуулсан талаар дурьдаж, уг саналыг холбогдох сайд, яамнуудад уламжлан, дэмжин хамтран ажиллахыг хүсэв.
Аймгийн Засаг дарга 2011-2016 онд Гаалийн орлогч даргаар ажиллаж байсан хүний хувьд тус байгууллагын зүгээс тавьсан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.