Өнөөдөр /2024.11.28/ Татварын газрын дарга Т.Фестиваль хамт олны хамтаар аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч дарга К.Бахытжан нарт татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв.
Тээрээр “Сангийн яамнаас Баян-Өлгий аймагт 2024 онд 72 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Түүнээс орон нутгийн орлого 38 тэрбум төгрөгийг бүрдүүлж, аймгийн нийт төсвийн 52.7 хувийг эзэлж байна. Энэ нь татвар төлөгч хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын төлсөн татвар. Оны эхний 10 сарын байдлаар татварын албанаас улсын төсөвт 2.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 105.6%, орон нутгийн төсөвт 22.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 28.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 128.7 хувьтай байна. Орон нутгийн төсвөөр нь задалж авч үзвэл хувь хүний орлогын албан татвар 22.5 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 1.2 тэрбум төгрөг, бусад татвар төлбөр, хураамж 725,9 сая төгрөг, байгалийн нөөц ашигласны төлбөр 1.6 тэрбум төгрөг, татварын бус орлого 1.4 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлсэн гэдгийг тодотгон танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заасан байгалийн нөөцийг хамгаалах, нөөц нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийг эрхийг хангах, хамгаалах, соёлын өвийн хамгаалах, сэргээх, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, спортын барилга байгууламж барих зэрэг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн бол тухайн зардлыг ногдуулсан албан татвараас борлуулалтын орлогын 1 хувь хүртэл хөнгөлөхөөр болсон. Үүний дагуу ТЕГ-аас албан татвараас хасаж, хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл хийх, хэлэлцүүлэх зохион байгуулах, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах, тайлангийн маягтыг өөрчлөх, системийг хөгжүүлэлт хийх, заавар зөвлөмж гаргах, сургалт сурталчилгаа хийх чиглэлээр татварын алба ажиллаж байна.
Мөн Могол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн төсөл, хөтөлбөр батлагдаж хэрэгжиж байна. Татварын хууль, журмын дагуу 200-аад хөнгөлөлт, чөлөөлөлт байгаа.
Зарим нэр төрлийн хууль, журмуудад албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудал улсын хэмжээнд болон манай бүс нутагт нэлээд хэрэгжиж байна. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг ашиглаж, эдэлж чадахгүй байгаа тохиолдол маш их бий. Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувь, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжууд байна. Татварын хуульд заасны дагуу жилийн эцсийн татварын тайлан хоёрдугаар сарын 10-нд дуусвал хоёрдугаар сарын 10-нд гаргасан татварын өрийг хийж тооцоогүй байх ёстой. Жишээ нь: тухайн орон нутгийн татварын албанд бүртгэлтэй байх, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгох /НДШ төлөлтөөр баталгаажуулсан/ гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зарим аж ахуйн нэгжүүд дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаагүй тохиолдол байдаг. Зарим аж ахуйн нэгжүүд журмын хэрэгжилтийг биелүүлсэн ч татвараа хугацаанд нь төлдөггүй. Эдгээр шалтгааны улмаас тэрээр хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог гэдгийг танилцуулав.
Аймгийн Засаг дарга татвар төлөгчид дээрх татварын хөнгөлөлтийг эдлэх ёстой. Тиймээс татварын хөнгөлөлтийн талаар сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулахыг үүрэг болгож, Татвар ард түмэнд дарамтгүй байх ёстой, татварын төлөвлөгөө дарамтгүй биелэх ёстой гэдгийг онцлов. Татварын газрын хамт олонд улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, татварын албаны үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллаж буйд талархан, ажил хэрэгч уулзалт боллоо хэмээн дүгнэв.