“ОРОН НУТГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний эрхийг хангах үндэсний хорооноос 2023 оны 01 дүгээр тогтоолоор “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталсан. Уг журмын хэрэгжилтийн тайланг аймагт зохион байгуулж, тус журмын 2 дугаар зүйлийн 2.4 хэд хэсэгт заасны дагуу Аймаг нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээний Хүний эрхийн төлөв байдлын тайланг нэгтгэн тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргаж, Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын албанд тайлагнадаг. Үүнтэй холбогдуулан Орон нутгийн хүний эрхийн төлөв байдлын талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.12.03/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
    Хэлэлцүүлгийг Өлгий сумын Ерөнхий Боловсролын 4 дүгээр сургуулийн Сургууль, Эцэг эх, Багшийн Холбоо зохион байгуулж, аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцож, аймаг дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх энэ жилийн тайлан мэдээлэлтэй танилцан, Хүний эрхийн төлөв байдлын талаар Хүний эрхийг хангах үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар харилцан санал солилцов.
    Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг дарга Е.Зангар “Ардчиллын хамгийн үнэт зүйл нь Хүний эрх, эрх чөлөө. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур бөгөөд эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Хүний эрхийг хангах үндэсний хороо (ХЭХҮХ) “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталсан нь энэхүү ажлыг төрийн хариуцлагатай ажил болгож, анхаарал хандуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн онцгой ач холбогдолтой журам юм. 2022, 2023 онуудад аймгийн Засаг дарга өөрийн биеэр очиж тайлангийн хуралд оролцож байсан нь орон нутгийн хувьд зохих түвшинд анхаарлаа хандуулж байсан байна. Өнөөдөр энэ жилийн тайлангаа хэлэлцэж, дараа жилийн ажлын төлөвлөгөөндөө саналаа нэгтгэхээр хуран цугларсан та бүхний хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.
  Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай Орон нутгийн хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг танилцуулсан бол Өлгий сумын 4 дүгээр сургуулийн СЭЭБХолбооны зохицуулагч Ж.Аршагүл хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав.

You May Also Like