ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн баг Баян-Өлгий аймагт ажиллав

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Глобаль сан,ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийх, сургалт зохион байгуулахаар ирсэн албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн өдрүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн НҮЭМ,ХДХВ, ДОХ, БЗДХ, халдвартын чиглэлээр ажилладаг нийт 30 эмч нарт “ Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох ” арга хэмжээний модулийн дагуу гурван өдрийн танхимын сургалтыг ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-аас ирсэн эмч, тархвар судлаач нар Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан.

Албаны хүмүүс Засаг даргад сургалтын үр дүн, аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Сүүлийн жилүүдэд эхээс хүүхдэд дамжих халдварын өвчлөл нэмэгдэж буй. Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь улс орны эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэн шаардлагатай, хамгийн чухал нэг хэсэг болдог. Үүн дотроос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь манай улсын хувьд ч тэр аймгийн хувьд ч тулгамдсан асуудлын нэг болж байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Мөн ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсооход Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцсан юм.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, хэд хэдэн шийдвэрийг газар дээр нь гаргаж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулахыг холбогдох албаны дарга нарт үүрэг болгов. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахаар 92 сая гаруй төгрөг хуваарилагдсан ба БЗДХ-ыг илэрүүлэх шинжилгээнд шаардагдах мөнгийг шийдвэрлэнэ. Аймгийн хэмжээнд “Гепатит В, C вирус”-ыг эрт илрүүлэх 100 хоногийн аян өрнүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэгдэв. Уулзалтын төгсгөлд ЭМЯ, ДЭМБ,ХӨСҮТ-ийн албаны хүмүүс аймгийн эрүүл мэндийн салбарт бодиттой ажил хэрэгжүүлэн ажиллаж байгаад Засаг дарга Д.Бауыржанд дахин дахин гүн талархлаа илэрхийллээ. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилттэй танилцахаар Глобаль сангийн ҮЗЗ-ийн дэд дарга Л.Энхсайханаар ахлуулсан багийн гишүүд аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллажээ.

 

You May Also Like