Аймгийн тухай

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

     Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м(нийт нутгийн 95,3 хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

     ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг.
110 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. 2,3 сая малтай.
     Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг юм.

Уур амьсгал

Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Агаарын температур

Өвөл 1,2 дугаар сард хамгийн хүйтэн буюу агаарын дундаж өндөр газарт -19 С хэм, -25 С хэм. Жилийн хамгийн дулаан нь 6,7 дугаар сард ажиглагддаг ба дундаж нь +10 С хэм, +15 С хэм, үнэмлэхүй их утга нь +18 С хэм, +20 С хэм байна. Өндөр ууланд жилийн 234- 255 хоногт нь хүйтэн байдаг.

 

Ан амьтан

Өндөр уулын хэсгээр алтайн аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс зэрэг ан амьтадтай. Ирвэс, аргалийг эко бүс нутагийн бэлэг тэмдэг болгон авч үздэг. Эдгээр ховор амьтад нь даян дэлхийн биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад онцгой үнэ цэнтэй бөгөөд тусгай хамгаалалтын дор байлгах шаардлагатай хэмээн дэлхий олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Ургамалшил

1. Сийрэг тачир ургамалтай, ургамалгүй хад асга, 2. Хаг хөвдөт тундр, тагийн нуга, 3. Хар модот ой бүхий элдэв өвст- үет ургамалт буюу агь-үет ургамалт уулын хээр, элдэв өвст хялгана- элдэв өвст хээр зонхилдог.
Энэ тойрогт 1020 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэний дотор 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм.
Ургамлын зүйлийн бүрдэлийг экологийн бүлгүүдэд ангилан үзвэл: хуурайсаг 110 зүйл, хуурайсуу- чийгсэг 77 зүйл, чийгсэг 115 зүйл, намагсаг 93, уссаг 9 зүйл, хүйтэнсэг 312, давссаг 86, элссэг 11 зүйл байна.
Дундаж өндөр уулсын хажууг дагаж ботуульт, ботууль-жижиг дэгнүүлт үетэн, алаг өвст хээртэй, биелэг өвс, ботууль, ерхөг, дааган сүүл зонхилж, шивээт хялгана, агь бүхий хээр ч тохиолдоно. Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, хойхнуур өдлөг хялгана, таана, баглуур, шарилж зэрэг цөл, цөлөрхөг хээрийн ургамал тааралддаг.
Уулын хээр, өндөр уул, цөлийн зарим элемент холилдон ургах нь элбэг, зарим судлаачид “плейстоцены ургамлын аймгийн цогцолбор” гэж нэрлэдэг. Энд Хар тэнгис, Казахстан орчмын зарим элементүүд тохиолддог онцлогтой. Баруун хойт талаар Алтайн өндөр уулын хуурайсуу-хүйтэнсэг элементүүд зонхилно. Тэнгэр уулын элементүүд уулсын хаяа, энгэрээр тархсан ба Зүүнгар, Тураны элементүүд ч тааралддаг онцлогоороо Ховдын тойргоос ялгагдана.
Ургамлын зүйлийн бүрдлийн тэн хагасаас илүү хувь нь /671 зүйл/ олон наст өвслөг ургамал байгаагийн дотор үетэн /79 зүйл/, улалжийн /32 зүйл/ овог зонхилон эзэлдэг. Дараа нь 103 зүйлтэй нэг ба хоёр наст өвслөг ургамал орж байгаагийн дотор тоонолжин цэцэгтэн, луулийн овог зонхилно.