Энэ сарын 26-ны өдөр сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн нарыг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан шинээр сонгогдсон сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж батламжинд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах юм.
Үүнээс гадна уг гэрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх болон бусад нөхцлийг тусгаж, гэрээний хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлсон байна.
Мөн аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нарт аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шат шатны төвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлэн, үр дүнтэй ажиллаж, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил, шударга ёс, эв нэгдлийг хангах, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын ажлыг сайжруулах, хууль тогтоомжийг хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд аж үйлдвэрүүдийг байгуулах зэрэг асуудлыг хамтран шийдвэрлэхээ онцлов.
Сургалт нэг өдөр үргэлжилж, салбар салбарын мэрэгжлийн хүмүүс ажлын чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар зөвлөөгөө өгөв.