Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар оролцож байна.

Нэгдсэн сургалт семинарын хүрээнд 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэл авах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн уулзалт семинарын эхэнд үг хэлж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт батламж , албан тушаалын үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн ИТХ-ын дарга нарт энгэрийн тэмдэг, албан тушаалын үнэмлэх гардуулсан юм.

Үүний дараа Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хуваарийн дагуу хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой юм. Гэрээг байгуулснаар Засаг дарга нар хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой аж.

Н.Ерлан

You May Also Like