Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.

Өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар цахим уулзалт хийн Япон Улсын Засгийн газрын 2021 оны Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Засаг дарга Д. Бауыржан Монгол орны баруун хязгаарт орших манай аймагт өнгөрсөн онд “Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлж ийнхүү жил дарааллан Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжих болсон явдалд Японы ард түмэн болон Засгийн газарт талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн төсөл хэрэгжих ерөнхий боловсролын 5-р сургууль нь аймгийн хэмжээнд хамгийн олон сурагчтай сургууль бөгөөд аймгийн олон иргэдэд үр шимээ өгөх төсөл болж байна хэмээв.   Энэ удаагийн төслийн хүрээнд Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн иж бүрэн засварыг хийснээр тус сургуулийн эрүүл, аюулгүйн орчин сайжрах юм. Ингэснээр сурагчдын боловсролын түвшин дээшлэхийн сацуу эрүүл, таатай орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.  Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 577 дахь төсөл болж, Баян-Өлгий аймагт хэрэгжих 22 дахь төсөл болж байгаа байна. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 397,824,378 төгрөг юм. 

You May Also Like