Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар буюу 7 цагт төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ.
Төрийн албаны ерөнхий шалгалт 03 дугаар сарын 12, 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн шалгалтад оролцох иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 02 дугаар сарын 25 хүртэл цахимаар бүртгэхэд Баян-Өлгий аймгаас 800 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр 1 ээлжинд 40 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан. Өөрөөр хэлбэл, өдөр бүр 07:00, 10:00, 12:30, 15, 17:30 гэсэн цагийн хуваарын дагуу шалгалт авч 4 өдөрт багтаан дуусгах юм. “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулагчид мэргэжлийн байгууллагатай хамтран хүн бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутган, хүн хоорондын зайг баримтлуулж, нэг удаагийн амны хаалт, малгай, бээлийгээр хангаж ажиллаж байна.